Та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл Mozilla Firefox вэб хөтөчөөр үзнэ үү.Татаж авах
Та энд байна > Зурвас бичье
07/30/2010, Баасан гариг
Click on the slide!

Персийн хан хүү

Prince Of Persia киног үзэхийг зөвлөж байна. Киноны тухайн эндээс уншаарай.

MORE
Click on the slide!

The Twilight Saga: Eclipse

"Хиртэлт" киноны сэтгэгдэлийг уншаад өөрсдийн сэтгэгдэлээ бичээрэй.

MORE
help me

Монгол маркетеруудын онлайнд гаргадаг 10 алдаа

May 6th, 2010

Өнөөдөр бид интернэт маркетингийн талаар энд ярихаас аргагүй байгаа юм. Яагаад гэвэл энэ нь шинэ ойлголт, өөр шийдэлтэй байдаг тул энгийн нэгэн бизнес эрхлэгч битгий хэл манай монголын архаг маркетерууд ч үүн дээр алдаа их гаргаж байна, туршлага байхгүй байна. Тиймээс энэхүү зөвлөгөөг интернэтээр маркетингаа явуулах гэж байгаа маркетерүүддээ зориуллаа.

Алдаа #1. Тэд оффлайнд /хэвлэл, гадаах самбар, ТВ гэх мэтэд/ ашигласан маркетингийн материалаа тэр чигт нь онлайнд ашиглахыг оролддог.

Мэдээж энэ нь амар байдаг биз. Дахин дахин өөр хувилбар бэлдэхэд цаг орно шүү дээ. Компани бүрт интернэт маркетингаар мэргэжсэн мэргэжилтэн ч ховор тул үнэндээ компаниуд бор зүрхээрээ л явж байдаг. Тэд сонинд ашигласан хэвлэлийн рекламаа шууд вэбдээ тавина. Имэйл маркетингдаа хэвлэлд зориулсан том зургаа тэр чигт явуулна гэх зэрэг алдаануудыг гаргадаг. Mөн сонины мэдээнд хэрэглэсэн албаны үгээ тэр чигт нь вэбдээ хэрэглэдэг.

Зөвлөгөө

Интернэт маркетинг бол маркетераас юмыг арай өөр өнцгөөс харахыг шаарддаг. Яагаад гэвэл бид вэбээр хэрэн тэнэж байхдаа арай өөр зан характерыг үзүүлдэг байна. Тиймээс тэр бүхнийг судлах хэрэгтэй. Та онлайнд хийж байгаа рекламаа илүү хүний анхаарлыг татсан хийхгүй бол хүмүүс түүнийг чинь олж харах ч үгүй өнгөрөх нь бий. Учир нь бидний нүд онлайнд голдуу мэдээ мэдээлэл, текст хайхад зориулж бэлтгэгддэг тул янз бүрийн зураг, эрээвэр хураавар олон рекламын хажуугаар хараагүй юм шиг л өнгөрдөг байна. Тиймээс цаг зав гаргаж онлайн рекламаа хүний сонирхол татсан өвөрмөц шийдэлтэй хийгээрэй.

Алдаа #2. Вэбээ зөвхөн танилцуулах хуудас хэлбэрээр ашигладаг.

Нэг үеэ бодвол компани бүр вэбтэй болжээ. Энэ нь нэг ахиц дэвшил боловч вэбээ зүгээр нэг брошур аятай ашиглаж байвал та энд дэмий л мөнгө үрж байна даа. Вэбийн олон давуу талууд, түүний өвөрмөц онцлогийг бизнестээ ашиглан орлого олох хэрэгсэл болгохгүйгээр та өнөө цагт хол явахгүй. Тэгээд ч брошур маягийн вэбийг хэн дахин дахин санаж орох билээ дээ.

Зөвлөгөө

Вэб хуудас нь зөвхөн мэдээлэл авах хэрэгсэлээс гадна дараах байдлаар ашиглаж болно.

- Хэрэглэгчдийн танай бизнестэй холбоо барих хэрэгсэл

- Хэрэглэгчдийн имэйл болон бусад хэрэгцээт мэдээлэл авах хэрэгсэл

- Шинээр хэрэглэгч татах хэрэгсэл

- Танай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэсний үр дүнд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар мэдээлэл хүлээн авах хэрэгсэл

- Бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд онлайнаар хүлээн авах хэрэгсэл

- Хэрэглэгчдийн энтертайнмент хэрэгцээг хангах хэрэгсэл

гэх мэт олон талаар ашиглах боломжтой.

Алдаа #3. Имэйл маркетингиндаа “зөвшөөрөлгүй” имэйл ашигладаг.

Монголд одоо үед эрчимтэй нэмэгдэж байгаа имэйл маркетингийг бас л манайхан спам аятай хэрэглэж байна. Дөнгөж имэйлээр маркетингаа хийх гэж байгаа бизнесүүдэд мэдээж өөрийн гэсэн дата, хэрэглэгчдийн бааз байдаггүй. Тиймээс монгол маркетерүүд гол төлөв бэлэн лист ашиглахыг илүүд үзэж байна.

Гэвч хэрэглэгчдэдийн имэйл хайрцагт цацсан мэдээлэл нь очиж байгаа эсэх нь ч бүү мэд, очсон ч үзсэн эсэхийг нь мэдэхгүй, хав харанхуй л имэйлээ цацаж өгч байгаа. Ер нь имэйл маркетинг яаж зөв явуулах талаар маш нарийн ойлголтууд бий. Энэ талаар дараа нь нэг тусад нь дэлгэрэнгүй бичнэ ээ.

Зөвлөгөө

Имэйлээр эхэлж маркетингаа хийх гэж байгаа нөхцөлд анхнаасаа уйгагүйгээр хэрэглэгчдийнхээ баазыг үүсгэж эхлэх хэрэгтэй.

Үүнд дараах аргууд байж болно.

- Хэрэглэгчдээсээ судалгаа, анкет бөглүүлж авах

- Бизнес уулзалт, EXPO шоуны үеэр сонирхогчдын имэйл хаяг цуглуулах

- Ямар нэгэн хонжворт сугалаа, урамшуулалт худалдаа зарлаж, оролцогчдын имэйл хаягийг авах

- Худалдан авагч бүрээс имэйл хаягийг нь авч оронд нь бонус, купон, урамшуулал бэлэглэх

- Вэбээрээ дамжуулан сонирхолтой материал, бэлэг үнэгүй тараах эргээд сонирхогчдын имэйл хаягийг цуглуулах

- Ямар нэгэн сургалт семинар зохион байгуулах, оролцогчдын имэйл хаягийг авах

- Вэбээрээ дамжуулан сонирхолтой е-сонин түгээх

гэх мэт янз бүрийн сувгаар имэйл хаягууд цуглуулж баазаа үүсгэж болно.

Алдаа #4. Вэбийн анализ хийдэг програмаар шалгадаггүй.

Угаасаа бизнесүүдэд интернэт маркетингийн мэргэжилтэн ховор эсвэл огт байхгүйгээс вэбдээ анализ хийдэггүй. Интернэтээр янз бүрийн маркетингийн үйл ажиллагаа явуулдаггүй бол бүр мэдэхгүй ч байх тохиолдол бий. Ашиглаж байгаа бизнесүүд нь голдуу Гоогл аналитик ашиглах ба энэ нь үнэгүй боловч маш өргөн боломжтой онцгой түүл юм.

Зөвлөгөө

Юуны түрүүнд Гоогл аналитикийн програмд бүртгүүлж вэбдээ суулгаарай. Тэр үед та хэд хичнээн хүн, хаанаас таны вэб рүү ямар зорилгоор хандаж байгаа нь төвөггүй харагдах болно. Мөн илүү дэлгэрэнгүй, боловсронгуй ашиглахыг хүсвэл Гоогл аналитикээ бүр нарийн судлахыг зөвлөж байна.

Алдаа #5. Хийсэн ажлынхаа үр дүнг тооцдоггүй.

Интернэт маркетингийн олон давуу талуудийн нэг нь онлайнд ямар ч үйлдэл хийсэн тэрнийхээ үр дүнг хянаж, дүгнэсний эцэст засах боломжтой байдаг. Харин энэ давуу талыг маркетерууд маань одоо хүртэл бүрэн хийж мэдэхгүй л байна.

Зөвлөгөө

Хамгийн наад захын жишээ хэлье. Та бүтээгдэхүүнээ идэвхжүүлэх зорилгоор хэд хэдэн сайтад баннераа тавьжээ гэж бодьё. Сайт бүрээс тэр баннераар дамжин хэд хичнээн хүн орсон бэ гэдгийг мэдэхээс гадна орж ирсэн хүмүүс таны хүссэн үйлдэлийг хийсэн үү үгүй юу, хийсэн бол энэ нь танд хэр ашигтай байв гэх мэтчилэн мэдээллийг та интернэт маркетингаа ашиглан явуулж болно.

Алдаа #6. Аливаа кампанит ажлаа вэбийнхээ нүүр хуудсаар тахалдаг.

Та ажигласан байх. Ихэнх бизнесүүд онлайн маркетингийнхаа хандах зүгийг вэбийнхээ нүүр хуудас руу зааж өгдөг. Баннер ч байсан, ТВ реклам ч байсан нүүр хуудсынхаа л линкийг зааж өгнө. Харин хэрэглэгч тэрхүү линкээр ороход тухайн компанийн танилцуулга байхаас нөгөө сонирхсон зүйлийнх нь талаар бараг байхгүй, эсвэл нилээд хайлгаж байж олдохоор байдаг. Сонирхсон мэдээллийнх нь талаар бүрэн мэдээлэл байхгүй бол сонирхогч цааш хандах уу, эсвэл орхиод явах уу?

Зөвлөгөө

Аливаа кампанит ажлаа хийхдээ түүндээ зориулж хуудас хийж байх нь хэрэглэгчдэд ч хэрэгтэй мэдээллээ олж авахад амраас гадна танд ч сүүлд дүгнэхэд хялбар болдог. Мөн ТВ-ээр рекламдаж байсан ч тусдаа линк санал болгох нь зөв. Өөрөөр хэлбэл www.company.mn гэхийн оронд www.company.mn/coupon, www.company.mn/uramshuulal, http://tv.company.mn гэх зэргээр линкээ өгөөрэй.

Алдаа #7. Баннерийг интернэт маркетингийнхаа үндсэн нэг хэсэг болгодог.

Үнэхээр одоо болтол яагаад компаниудад интернэт маркетинг хариуцсан хүн байдаггүй вэ гэвэл тэд интернэт маркетинг аль нэг сайтад баннер тавихийн төдий ойлгож ирсэнтэй холбоотой. Гэтэл интернэт маркетингийн хамгийн үр дүн муутайгаар баннер өөрөө шалгардаг. Бод л доо, баннераар та нийт сайтын зочдын дөнгөж 5-10%-ийг л татаж чаддаг.

Зөвлөгөө

Тэгэхээр интернэтээр маркетингаа амжилттай хийе гэвэл өөр бусад аргуудыг ч гэсэн оролдож үзэх хэрэгтэй. Интернэт маркетингийн ямар ямар аргууд байдаг талаар дараа тусад нь зөвлөгөө өгнө өө.

Алдаа #8. Баннер дээрээ бүх мэдээллээ агуулахыг хичээдэг.

Өнөөдөр Монголд хийгдэж байгаа баннерууд баннерын гол зорилгоо мартсан байдаг. Баннер дээрээ тухайн сурталчилгааныхаа А-Я хүртэлх бүх мэдээлэл, агуулгыг оруулахыг хичээдэг. Зарим тохиолдолд ТВ-ын бүхэл бүтэн реклам явж байх жишээтэй.

Зөвлөгөө

Баннерын маань зорилго юу билээ гэдгээ бодох хэрэгтэй. Баннер зөвхөн ганцхан л зорилготой. Сонирхогчийн анхаарлыг татаж баннер дээрээ даруулах л ганц зорилго бий. Тэгэхээр баннер дээр хүний сэтгэлийг татсан мессеж, дарахыг өдөөсөн товчлуур байхад л хангалттай. Тэрнээс ямар ч хүн баннер дээрх киног тухлан сууж үздэггүй.

Алдаа #9. Шинэлэг аргыг туршиж үздэггүй.

Заавал шинэ сэргэг байх албагүй, одоо хийгдэж байгаа арга хэмжээнүүд нь үнэхээр үр дүнтэй байна уу гэдгээ ердөө туршиж үздэггүй. Туршилт хийх, туршилтынхаа үр дүнг үзэх, түүний дагуу шинэчилж өөрчлөх, сайжруулах арга хэмжээг авах нь интернэт маркетингийн бусад маркетингуудтай харьцуулахад хамгийн гол давуу тал нь байдаг. ТВ-ийн рекламыг хүмүүс яаж хүлээж авч байна гээд туршчихаад дараа нь тэрэн дээрээ засвар хийгээд рекламаа явуулах боломж байдаггүй. ТВ-н реклам хийдэг гарын л хийж өгсөн рекламаар л маш их мөнгө төлөөд хэрэглэгчдээ бөмбөгдөж өгдөг. Тэгвэл интернэт маркетингинд маркетингийнхаа кампанит ажлаа турших боломжтой. Хамгийн сайныг нь сонгосны дараа түүн дээрээ хамаг мөнгөө зарцуулах боломж байдаг.

Зөвлөгөө

Туршилт хийх, туршилт хийж сурахад цаг зав, багахан хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Туршилт хийдэг програмуудыг ашиглан вэбээ сайжруулах, имэйл маркетингаа сайжруулах, аль үг хэллэг, аль зургийг ашиглах гээд янз бүрээр туршилт хийх боломжтой.

Алдаа #10. Бүрэн төгс кампанит ажил зохион байгуулдаггүй.

Ер нь түрүүнд хэлсэнчлэн интернэт маркетингаа баннераас илүүтэйгээр сэтгэхгүй байгаа нөхцөлд бүрэн хэмжээний кампанит ажил зохиогдох боломжгүй юм. Интернэт дээрх олон сувгуудыг ашиглахаас гадна ТВ, радио, хэвлэлийнхээ рекламыг ч цогц болгож вэб рүүгээ хандуулах хэрэгтэй байдаг.

Зөвлөгөө

Төгс, цогц болгож кампанит ажил явуулж түүнийгээ хэмжиж, аль суваг нь танай компанийн хувьд илүү үр дүнтэй байна гэдгийг мэдэх, турших нь дараа дараагийн кампанит ажлуудад үр дүнгээ өгч, маркетингийн хэрэггүй олон зардлаас ч чөлөөлөх давуу талтай.

Бүрэн, цогц кампанит ажил нь заавал олон сувгийг хамрах албагүй. Жишээ нь имэйлээр маркетинг хийх гэж байгаа тохиолдолд мессежээ 7 хоногийн өмнөөс ганц удаа цацах биш, сарын өмнөөс тодорхой давтамжтай, өөр өөр дизайн шийдэл, арга техник бүхий нэг утга агуулгатай мессежүүдийг илгээснээр амжилтанд хүрч болно.

Энд дурдагдсан 10 алдаагаар бидний алдаа дуусахгүй ч олон маркетерүүдэд нэгийг сануулж, олныг бодуулсан байх гэдэгт итгэж байна.

Hello world!

March 24th, 2010

Сайн байна уу?

Миний блогт зочилсонд баярлалаа.

Сайхан сэтгэл халдвартай

March 8th, 2010

Халдвартай аа? Юун халдвар вэ? Халдвар гэхээр л та H1N1 вирусын халдвар, ямар нэгэн өвчний халдвар бодоод унав аа?

payitforwardНилээд хэдэн жилийн өмнө “Pay It Forward” гэдэг киног үзсэн сэн. Арван хоёрхон настай хүү анх энэхүү санааг гаргана. Гол санаа нь хэрэв чи гурван хүний амьдралд сайн сайхан зүйл хийгээд тэдгээр гурван хүн бас чиний тусын хариуд өөр 3н хүнд сайн үйл хийвэл энэ нь дэлхийг өөрчилж сайн сайхан газар болгож хувиргана гэсэн төлөвлөгөө гаргадаг.  Кинон дээр бол энэ төлөвлөгөө нь үнэхээр бүтэмжтэй болж, жаал хүүг өөрөө ч мэдээгүй байхад улам өргөжин цаашид хөдөлгөөн болон хувирч олон хүнд тусаа өгч байгаагаар гаргадаг.

Гэтэл жинхэнэ амьдралд энэ хэр биелэх бол?  Ялангуяа Монголд?

Надад энэ бодол жилийн өмнөөс бодогдох болсон юм. Тэгээд хүмүүст хэлэхэд ихэнх хүмүүс “Би хичнээн тусаллаа ч миний дараа дараагийн хүмүүс бусдад туслахгүй бол яах юм бэ?” гэж шалтаг тавина. Тэгсэнээ “Энэ чинь хэзээ ч бүтэхгүй ялангуяа Монголд, чи бол шал бүтэхгүй юм мөрөөдөж байна” гээд л зовлон тоочиж байсан. Гэхдээ энэ бүхэн зүгээр л хүний аливаа өөрчлөлтийн өмнө хэлж өөрчлөлтөөс зугтаадаг зүгээр л нэг шалтаг. Та аливаа зүйлд хүрэхийн тулд хэзээ ч “Би чадахгүй нь” гээд бууж өгөх ямагт амархан байдаг, харин “Би чадна” гээд тэмцэх нь мянган даваатай байдаг шүү дээ.

Гэхдээ та энэ бүхэн боломжтойг хамгийн энгийн жишээн дээрээс харж болно. Та замын хөдөлгөөнд оролцохдоо хэн нэгэн хажуугаас орох гэж байгаа машинд зам тавьж урдаа орууллаа гэж бодъё.  Ихэнх тохиолдолд тэр машин бас өөр нэгэн машинд зам тавьж өгөх бий вий. Та сайн ажиглаарай. Надад иймэрхүү тохиoлдол зөндөө тохиолдож байсан. Ихэнх тохиолдолд урд орсон машин маань баярласнаа илэрхийлээд бас нэг өөр машинд зам тавьж өгч байгаа харагддаг.

Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ
гэдэг шиг  хүний сайхан сэтгэлийн хариуд хүн өөрийн эрхгүй тэр хүнд сэтгэлийн өртэй болдог. Тэгээд эргээд тэр хүндээ тус хүргэхийг хичээдэг шүү дээ. Тэгвэл үүний оронд та сайхан сэтгэл гаргасныхаа хариуд тэр хүн өөр бусад 3н хүнд тус хүргээрэй гэж дамжуулвал энэ бүхэн цааш үргэлжлэх бололцоотой юм. Сайхан сэтгэл гэдэг вирусын адил халдвартай, халдахдаа вирусын адил өсөн үржих бололцоотой юм. Тэгээд та хэн нэгэнд тус хүргэснээр тэр хүнд маш их баяр баясгалан авчирч байгаа. Тэрнээс дутахгүй аз жаргалыг бас өөртөө авчрах болно. Хүнд тусалсан сайхан сэтгэл танд улам эерэгээр нөлөөлж таныг бас бүүр их баяр баясгалантай, аз жаргалтай нэгэн болгож хувиргадаг.

Яагаад бид энэ консептийг хөдөлгөөн болгож өрнүүлж болохгүй гэж? Цахимдаа “Pay It Forward ” буюу “Сайхан сэтгэл халдвартай” хөдөлгөөн нэмж цааш өрнүүлье. Дэмжиж байгаа нөхөд байвал сэтгэгдлээ үлдээнэ үү. Тэгээд хөдөлгөөндөө хэн хүнд яаж тус хүргэснээ оруулж байвал ямар вэ? Энэхүү хөдөлгөөн улс орон даяар өрнөдөггүй юмаа гэхэд хүмүүс бид бие биедээ сайн сайхан аз жаргал бэлэглэж байвал бидний орчин амьдрахад хичнээн амар болох билээ дээ.

Цахим Нэт Өөрчлөгдлөө

March 7th, 2010

Өөрчлөлт… Өөрчлөлт агуу том, жижиг бага гэлтгүй бидний эргэн тойронд тохиолдож л байдаг. Харин хүн хүн үүнийг өөрийн харах өнцгөөс хардаг тул өөрчлөлтийг өөрөө өөрийнхөөрөө хүлээж авна. Зарим нь дэмжинэ, зарим нь эсэргүүцнэ. Гэвч аль ч тохиолдолд болох ёстой өөрчлөлт явагдаж л байдаг.

Эргэн тойрон болж байгаа өөрчлөлтүүдэд дасан зохицохоос илүү өөрөө тэр эрс өөрчлөлтийг бий болгоход хүнээс хамаагүй илүү тэвчээр зориг шаарддаг. Хүн эхэлж өөрийн үзэл бодолдоо өөрчлөлт хийсний дараа тухайн өөрчлөлтийг хийхийн төлөө тэмцэх хэрэгтэй болдог.

Өнгөрсөн зуунд л гэхэд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж хүмүүс эд баялаг бүтээхийн төлөө байгаль дэлхийгээ хайр найргүй устган сүйтгэжээ. Харин эрдэмтэн мэргэд сайн санааны байгууллагуудын уйгагүй оролдлогоор, бид одоо дэлхий нийтээрээ байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй бол удахгүй бид өөрсдөө ч устаж алга болох аюулд өртчихөөд байгаа талаар мэдэх болсон. Тиймээс бид үзэл бодолдоо бага багаар ч атугай өөрчлөлт хийж байна. Дэлхийн дулаарал, цөлжилт, усны, агаарын, хөрсний бохирдол гээд дуусашгүй том том асуудлууд бидний өмнө бий. Бид өөрийн нэгэнт хэвшсэн үзэл бодол, дадал зуршилдаа өөрчлөлт оруулж байж л байгаль дэлхийгээ хамгаалж чадна. Хамгийн энгийнээс нь дурдвал гялгар уут хэрэглэхгүй байх хөдөлгөөн юм. Дэлгүүрээс өгөх гялгар уутнаас татгалзаж, даавуун эсвэл цаасан уут хэрэглэж эхэлж байна.

Цахим нэт өөрчлөгдлөө. Нэгэн хэвийн уйтгартай линкнүүдийн жагсаалтыг халж илүү мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөнд тулгуурласан Цахим үүд хаалгаа нээлээ.

Олон хүн хуучин линкнүүдээ олж чадахгүйгээс бухимдацгааж байна. Линкнүүд нүүрэн талд жагсаад л байж байдаг сэтгэхүйгээсээ салж чадахгүй ВЭБ ЛАВЛАХ гэсэн хэсэг яг нүднийх нь харалдаа байгааг анзаарахгүй л толгой сэгсэрцгээж байна. Угтаа бол Монгол вэбүүдийн хэсэг улам боловсронгуй болон өөрчлөгдөж байгаа. Цахимын нүүрээр дүүрэн жагсах линкнүүдийн зайг илүү өгөөжтэй мэдээлэлд зай гаргаж өгсөн гэсэн үг.

Цахим зүгээр нэг өөрчлөгдөе гээд өөрчлөгдөөгүй юм. Цахим ирээдүйг харж өөрчлөгдөж байна. Одоо байгаагаасаа улам өргөжин тэлж, мэдлэг мэдээллийн баялагийг бүтээхийн төлөө ажиллаж байна. Энэ том мөрөөдөлд бид гишүүдээ ч оролцуулах бололцоотой болгож байгаа. Та цахимын гишүүн болсноор бусдад зөвлөгөө өгч, санал болгож, мөн хөдөлгөөн өрнүүлж ч болно. Энэ хамгийн орчин үеийн олон нийтийн сайтуудын жишиг дээр тулгуурласан тул Цахимын хамт олныг бүрдүүлэх бололцоог хүн болгонд олгож байгаагаараа өвөрмөц юм.

Хуучны ихэнх сайтууд аль болох их хүнээс сэтгэгдэл авахын тулд сэтгэгдлээ ямар ч хүн оруулах бололцоотой болгосон байдаг. Энэ нь хэн дуртай нь хараал ерөөл бичиж, вэбийг сэтгэгдлийн тулаан болгож улмаар нэг нэгнээ доош нь чихэх талбар, зэвсэг болгон хувиргасан. Цахим энэ сэтгэхүйн доройтлыг халж, хүн болгон нэр устайгаа, зурагтайгаа сэтгэгдэл дээр бичих бололцоог бий болгосон.

Санал болгоё гээд өөрт таалагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оруулдаг булан шинээр нэмэгдсэн. Яагаад та өнөөдөр уншсан ном, өчигдөр орой үзсэн киногоо бусдад санал болгож болохгүй гэж? Яагаад бид чинь өөр хоорондоо санал болгодог зүйлсээ хүн бүрт хүргэж болохгүй гэж?

Цахим дээр таны оруулсан мэдээлэл, бичлэг маш олон хүнд зэрэг хүрч чадна гэдгийг харин цахимын хамт олноос батлан хэлж чадах байна. Та олонд танигдах, олон хүнд мэдээллээ хүргэх сонирхолтой бол Цахимд хандаж болно.

Цахим өөрчлөгдөж байна. Олон хүнд таалагдсан таалагдаагүй Цахим цаашид ч өөрчлөгдөх болно. Гэхдээ мэдээж улам сайжрахын төлөө, илүү мэдлэг мэдээллийн баялаг бүтээхийн төлөө, ирээдүйд Монгол хэрэглэгчдийн хамгийн орох дуртай сайт байхын төлөө өөрчлөгдөх л болно. Харин та бүхнийг бидэнтэй хамт нэгдэж, ирэээдүйг хамтдаа бүтээцгээе, хамтдаа өөрчлөе гэж уриалах байна даа.

Цахимын хамт олон

Жалганы үзэл

March 1st, 2010

Эрдэнэт рүүгээ яваад ирлээ. Аав маань морь уядаг болоод овоо хэдэн жил болж байгаа ч өмнө нь нэг их сүйд болдоггүй байсан ч энэ удаа хэрэг гаргаж очлоо. Цагаан сард зориулсан хурдан мориний уралдаан болж байдаг, очоод машинтайгаа морь дагалаа. Эрдэнэтийн энэ жижигхэн наадамд (манайхан чинь бэсрэт наадам гэдэг ч билүү) Булганаас, Сэлэнгээс, хотоос гэд бас уяачид ирсэн овоо л бужигнасан наадам болох янзтай.

Би багадаа нэг удаа морь дагаж үзэж байсан боловч хүүхэд байсан болоод тэрүү, нэг их сэтгэгдэл дурсамж гэх юм үлдээгүй. Би ер нь хот газар төрж өссөн болоод “хотын хүүхэд” гэдэг хаягтай явдаг нэгэн. Наадам, цагаан сар, бөх, морины уралдаан, айраг, тараг гээд гэрийнхэн маань сүйд болдог, үздэг бол би тийм биш. Харин яагаад ч юм сур харваа л үзвэл хамгийн сонирхолтой санагддаг байсан.

Харин энэ удаа … 100-аад морьд уралдаж эхлэхэд, олон жижигхэн хүүхдүүд гуугалаад л, морьд зүтгээд эхлэхэд өмнө нь уралдааны морьд хараад мэдрэгдэж байгаагүй мэдрэмж анх удаа төрж байх юм. Сэтгэл нэг сонин болоод л, нүдэнд нулимс мэдрэгдээд л эхэлсэн. Магадгүй тэр олон жаахан хүүхдүүдийг хараад өрөвдсөн байж болох, эсвэл “нас дээр” гарсан болоод тэгж байна уу. Яагаад миний Монголчууд морь гээд “үхдэгийг” анх удаа л ойлгож билээ. Монгол хүн морь хоёроо гэж. Сонин юм шүү.

Гэхдээ миний бичих гэсэн сэдэв бол энд гарсан уралдааны бяцхан будилаантай холбоотой юм л даа. Гараа руугаа явж байгаа морьдоос сүүлд явж байсан 20-иод адууг 10-аад метр дутуу байхад нь өмнө дөнгөж очоод байсан морьдийг тавьчих юм. Мэдээж нөгөө хэдэн адуу шууд урдаасаа ирсэн адуутай холилдоод эргээд давхиж таараа. Тэгсэн эхэнд орсон гадны 3, 4 морьдийг хасаад Эрдэнтийнхээ морийг түрүүлүүлсэн гэх яриа тэрүүгээр зогсож байсан уячдын дунд гараад эхлэв. Бие биеээсээ 5, 10 метр зайтай эргэж байгаа тэр олон морьдоос яг аль нь гараан дээрээ яг очиж амжаагүй байсан гэдгийг яаж ч мэдсэн юм, ядаж байхад тэр хасагдсан адуунууд нь бүгд “хотынх” (дотор нь хотын нэг алдартай уяачын зартай хурдан адуу ороод) байж таарахаараа ч яадаг юм. Тэгээд тэр хүүхдүүд нь өөрсдөө ч эргээгүй, урдаасаа олон адуу шууд давхиад хажуугаар нь гараад эхлэхээр чигээрээ цаашаа явах гээд байхгүй нь ойлгомжтой.

“Манай морь” хасагдсан болохоор ч юм уу, эсвэл Эрдэнэтэд дургүйдээ бичсэнгүй. Зүгээр л будлиангүй уралдаан, хэрүүлгүй бөхийн барилдаан яагаад хийж болохгүй байгаад л юм л даа. Өмнө нь өөрөө зөндөө сонсож байсан ч, энэ удаа өөрийнхөө 2 нүдээр харж байсан болохоор нөгөө түрүүхэнд нь төрж байсан сайхан Монгол сэтгэгдэл маань будаа. Бид нар түүхээ ярьвал одоо дор хаяж л 5,000 жил морьд уралдаж байгаа байж таараа. Тэгэхэд одоо болтол будилаан, булхайгүй явуулчихаж чадахгүй байдаг нь үнэндээ ичмээр. Мод, туйпуу оруулаад аятайхан морины гарааны байр барьчихад ч яасан юм. 2 шон босгочихоод, 1 даавуу уясан тороос татчихсан. Даанч дээ. Өөрсдөө нөхцлийг нь бүрдүүлэхгүй мөртлөө дараа нь нутгийнхаа уяачны морийг гаргах гээд өмнөө байгаа “гадны” бүх морьдийг хасаж байна гэдэг бол бараг цаанаасаа л бодож байсан зүйл юм биш үү. Гадны морь түрүүлхэд дургүйцэх байсан юм бол анхнаасаа тэр олон уяачдад ирээд хэрэггүй гээд зөвхөн нутгийнхаа морьдийг уралдуулхад ч яасан юм.

Тэгэхээр энэ будилааны тухай утгагүй асуудал нь үнэндээ бол нөгөө бид нарын хараагаад зүхээд байдаг боловч бидний дунд бөх оршсоор байгаа жалга довны буюу нутгархаг үзлийн тухай асуудал юм л даа. Бидний сүүлийн үед бүх юм Монголоос үүсэлтэй ч юм уу, Монгол хүн хамгийн лаг нь гэхчилэнгээр нилээн хэтрүүлдэг болчихоод үндсэний үзлээс илүү аюултай эд л дээ. Яагаад гэвэл энэ нь Монгол хүнийг Монгол хүнийх нь эсрэг хандуулсан тийм байдалд хүргэж байдаг муухай эд. Өөрөөр хэлвэл яаж ч бодсон илүү гарахгүй үед муу ч гэсэн нутгийн хүн гэдэг утгаар тухайн хүнийг “өөд нь татах”, эсвэл бидний түрүүний жишээн дээр гарсан нутгийн морь яаж ч давхиад тэр нэг алдартай уяачын мориноос илүү гарахгүй гэдгийг мэдэж буй тохиолдолд зүгээр л “жижиг будлиан” үүсгээд хасаад хаячих тухай нь Монгол хүн Монгол хүнтэйгээ шудрага бус аргаар тэмцэлдэж буй хэрэг биш гэж үү. Адилхан л Монгол хүн, адилхан л Монгол хүлэг. Ийм зүйл олширох тусмаа бид бие биенээсээ улам л холдоно уу гэхээс, нэгдэж нягтрах тухай бол гонж. Зүгээр л тоглож, найрлаж наадамлахдаа ч биш аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ийм байхад улсын дайтай хөгжих ч хол байгаа даа. Учир зүггүй гадныхан биднийг хагалгаж бутаргах гээд байгаа юмгүйгээр бид өөрөө өөрсдөө ийм зүйлсийг хийгээд байдаг нь эмгэнэлтэй.

Хүрзтэй сэтгэхүйгээсээ салаасай!

February 10th, 2010

УБ хотын жихүүн хүйтэн өдрийн нэгээхэн агшин… Хотын төвд утаатай машин, ууртай жолооч нарын дунд нэгэн ачааны машин зогсох. Ачаан дээр нь 3 залуу, дундаа ганц хүрзтэй. Ачаан дээрх жаахан элснээсээ ачаагаа давуулан цацаж өгч байна өө. Уг нь бол замын цэвдэг мөсөн дээр халтирахаас хамгаалах зорилгоор хот тохижилтынхоны хийж байгаа ажил бололтой. Харин өнөөх муу жаахан элс хаа сайгүй цацагдаж байна аа. Уртаас урт түгжрээд зогсчихсон машинуудын хажуу хавиргаар жаахан, онож буугаагүй нь машинуудын хамар дээр нь, зам гарах гээд замын дунд зогсох бүсгүйн ардхан /бүсгүй дээрээс унасан бол яах байсан бол ккк/ гээд ер нь хаа сайгүй л цацагдаж байх юм аа. Хамгийн гол цацагдах ёстой газраа бол хамгийн ховорхон очиж байх шиг санагдсан.

Улсын төсвөөс жил бүр замын халтиргааг бууруулна гээд л жаахан хэдэн төгрөг төсөвлөж элс, давс нөөцөлдөг гэсэн. Энэ нь энэ мэт зарцуулагддаг бололтой. Надад бол элс давсаа аятайхан цацчихдаг арай боловсронгуй машин аваад тавьчихмаар санагдах юм.

Зурагтаар гарч байна аа. Саяханы цасан шуурганаар хэд хичнээн машин замдаа сууж, зам бөглөрсөн гээд л. Тэдэнд туслахаар Онцгой байдлын газраас зайлуул хэдэн нөхөд бас л нөгөө хүрз зээтүүгээ бариад тэр их хунгарласан цасыг ухаад зогсож байх юм.

Үгүй ээ, юу ч хийдэггүй, худлаа ярьсан бүдүүн дарга нартаа болохоор $30,000-$40,000-оор жийп авч унуулаад байдаг хирнээ Монголын хамаг л гамшгийн нөхцөлд ажилладаг Онцгой байдлынхандаа цас цэвэрлэдэг машин муу хэлээд байдаг хужаа нараасаа $5000-$10000-оор аваад өгчихөд яахав дээ. Тэд хичнээн гамшигтай тэмцэж, нүүр тулж ажилладаг ч дандаа “гамшгийн” нөхцөлд ажиллах ёсгүй биз дээ?

Техник технологи хөгжөөд 21-р зуун гарчихаад байхад чинь өнөөх л хүрз зээтүүтэйгээ ажиллахаа болимоор юм аа. Эрх мэдэлтэн дарга нар минь ээ сэтгэхүйгээ жаахан өөрчилмөөр юм шиг ээ.

Б.Болор

Сайн байна уу? Уншигчдаа!

August 22nd, 2009

Цахим.нэт сайт маань өнөө цагт дуугай байж чаддаггүй, дутагдлын хажуугаар нүдээ аньж чаддаггүй эрхэм хүндэт блогчиддоо зориулан тэдний богинохон мөртлөө нэгийг бодогдуулах, хатуухан боловч чухамхүү өнөөгийн хэдэн татаасаар бичдэг сэтгүүлчдээс хамаагүй үнэнийг эргэцүүлдэг зурвасхан бичлэгүүдэд зориулж ЗУРВАС БИЧИХ ариухан индер гаргаж байгааг хүлээн авна уу.

Та хэрвээ өөрийн блог бичлэгээ манайд оруулж байхыг хүсвэл tsahim_net@yahoo.com хаягт хандаж блогийн линкээ илгээнэ үү. Бид таны бичих зурваст энэхүү шаардлагыг тавих болно. Үүнд:

•    Ямар нэгэн дутагдал, асуудал, булхай зэргийг илчлэх болохоос хэн нэгнийг үг хэлээр дайран доромжлох, худлаа гүтгэх, илт үзэн ядах өнцгөөс бичихийг зөвшөөрөхгүй.
•    Бичлэгийн утга санаа нь аливаа нийгэмд, бидний амьдрал дундах проблемийг зөвөөр олж хараад, үүнд дүгнэлт хийж, гарах гарц, зөв шийдлийг санал болгосон байх нь чухал.
•    Нийтийн жишгээс гадуур үзэл санаа, шашин шүтлэг, элдэв бизнесийн зар сурталчилгаа оруулахыг тас хориглоно.
•    Хэрэв илт манай нийтлэлийн бодлогоос гадуур бичлэг байвал бид зохиогчид нь ямар нэгэн сануулгагүйгээр бичлэгийг хасна гэдгийг сануулж байна.
•    Энэ байдал нь давтагдвал Цахим.нэт дээр зурвас бичих эрхийг нь мөн хасах болно.
•    Мөн зурвас нь зөвхөн зохиогчийн өөрийнх нь бичлэг байх ёстой. Энд тэндээс хуулсан бичлэг оруулахгүй.

Хүндэтгэсэн,

Цахим Нэтийн хамт олон


ЦАХИМ Е-СОНИН

*  Таны нэр:
*  Хүйс:
*  Имэйл:
*  Формат:
*  Ажил эрхлэлт:
*  Албан тушаал:
*  Орлогын түвшин:
*  Кодоо оруул:

Цахимд нэгдье!