Гэр бүлээрээ хөгжилдөн сууж үзэх кинонуудын тоо нэмэгдлээ. “Луугаа хэрхэн сургах вэ?” кино нь Dreamworks-ын хийсэн бас нэг гайхамшигтай хүүхэлдэйнүүдийн нэг болжээ. Box Office-ын топ 10т багтсан энэхүү кино нь лууны тухай бидний ойлголтыг орвонгоор нь эргүүлэх болно.
Анхны кино нь эх зохиолынхоо үйл явдлыг яг таг дагаж байсан боловч дэндүү бага насныханд зориулагдсан болоод байсан тул бүх насныханд тохируулахын тулд зарим нэг зүйлийг өөрчилж эхэлсэн байна. Жишээ нь кинон дээр гардаг Toothless луу нь киноны баатар Hiccups-т тохирсон жижигхэн луу байдаг бол хүүхэлдэйн кинон дээрээ түүнийг луун дотроо ховорхон, аюултай, хэнд ч урьд нь баригдаж байгаагүй луу болгон хувиргасан гэнэ.
Энэхүү кино нь хүүхдүүдэд төдийгүй томчууд, кино шүүмжлэгчдээс хүртэл үнэхээр сайн үнэлгээ авч байгаа билээ. Зохиолын утга санаа нь үнэхээр хөөрхөн. Бид өөрсдөө ойлгоогүй, таньж мэдээгүй зүйлээ үргэлж өөрсдийн дайсан мэт бодож дайсагналцсанаар өөрсдөдөө дайсан бий болгодогийг харуулж чадсан. Мөн эцэг эхчүүдэд ч их сургамжтай кино болсон гэж бодож байна. Бид дандаа хүүхдүүдийнхээ хүсэл, мөрөөдөл, бодол санаа юу болохыг мэдэхийг ч хүсэхгүй зөвхөн өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлийг тэдэнд тулгадаг шүү дээ.
Энэхүү киног үзээд та нэг ч минут уйдахгүй шүү. Харин ч гайхамшигтай адал явдал, амьд үнэмшилтэй зураглалд нь гүнзгий орж тэнгэрээр дүүлж, галаар тургих болно.