|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/09/29 - 16:29 |
|
Мэдлэг боловсролыг тэргүүнд тавьж түүгээр өөрийгөө үнэлүүлэх цаг үе нэгэнтээ тулан иржээ. Монголын төдийгүй дэлхийн нийтийн хувьд ялангуяа оюутан залуусын хувьд хувь хүний хөгжил, боловсрол мэдлэгтэй ихээхэн анхаарал тавьдаг болсон нь харагддаг.Үүний нэг илрэл болсон үйл явдал 9- сарын 27 ны өдөр Оюуны банк болох Нацагдоржийн номын санд болж өнгөрлөө. АНУ-ын Соёл мэдээллийн төв Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сангаас хамтран явуулсан "Америкийн коллеж, их дээд сургуулиудын нээлттэй өдөрлөг"-т олон сарын турш бэлтгэсэн гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. Түүний үр дүнд ч оюутан залуус, тэдгээрийн эцэг эхэд хангалттай хэрэгцээтэй мэдээллийг өгч чадсан гэж бодож байна. Өглөө 10 цагаас эхлээд сурж мэдэх хүсэл эрмэлзэлтэй, зориоготой залуусын цуваа Оюуны Банк руу тасралтгүй үргэлжилсэн нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.

Уг өдөрлөгт АНУ-ийн их дээд сургуулиудын танилцуулгаас гадна тэдгээр сургуулиудад амжилттай суралцаж ирсэн хүмүүс өөрсдийн туршлагаас харамгүй хуваалцаж, зөвлөгөө зааврыг өгч байсан. Цаг дараалласан суралцах арга барилд тустай, ирээдүйн сурах төлөвлөгөөнд туслах лекцүүд тавигдаж байснаас заримыг дурьдвал АНУ-д суралцах боломж, Суралцах сургуулиа сонгохдоо юуг анхаарах вэ? Элсэлтийн материал гэж юу вэ? Хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? Баклаврын сургалтан дахь солилцооны хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? гэх мэт.
Түүнчлэн АНУ-ийн ТОП их сургуулиудыг шалгаруулан гаргасан нь өдөрлөгт сонирхон ирсэн хүмүүст ихээхэн хэрэгцээтэй мэдээлэл болж чадаж байсан. Та бүхэндээ зарим нэгээс сонирхуулбал АНУ дахь хувийн их дээд сургууль коллежийн шалгаруулалтын эхний байранд Massachusetts, University of technology, University of Chicago, Notre Dame University коллежууд зэрэг юм. Дашрамд дурьдахад Оюуны Банк гэж нэрлэгддэг Д. Нацагдоржийн нийтийн номын сан нь чөлөөт сонголтоор номоо авдаг, техник технологийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг сайн номын сангуудын нэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Та 5000 төгрөгөөр карт нээлгэн жилийн хугацаанд хүссэн чиглэл, салбараар ном материал сонирхож мэдлэгийнхээ хүрээг тэлээрэй. Монголын нэг өдөр шинэ соргог мэдээлэлээр дүүрэн олон хүмүүсийн бодолд нэг боломж, итгэлийн гэрэл асаах мэт өнгөрсөн. Цаашдаа ч олон олон өдрүүдийг ухаарлын, үр бүтээлийн гэрлээр гэрэлтүүлэн өнгөөрнө гэдэгт би итгэлтэй байна.
 |